Гэр бүл гэдэг зөвхөн нэг дээвэр дор хамт амьдрахыг хэлдэггүй. Юу ч болсон бай өдөр бүр бие биенээ дахин дахин сонгохыг хэлнэ. Хайр анхандаа сэтгэл хөдөлгөдөг, оргилсон байж болно. Харин гэр бүлийг удаан авч явдаг зүйл нь зөвхөн хайр, гал халуун байдал биш, хүндлэл, ойлголцол, тэвчээр, ухаарал, зориг ч бас хамгийн чухалд тооцогдоно. Нэг нь алдаа гаргасан үед нөгөө нь яллах биш түшдэг. Нэг нь ядарсан үед нөгөө нь хүч болдог. Нэг нь бүдэрсэн үед нөгөө нь гараас нь татаж босгодог. Ингэж л "би" гэдэг үг аажмаар "бид" болдог. Гэр бүлд хэн нь зөв байх нь тийм ч чухал биш. Хэн нь харилцаагаа аварч үлдэхийг илүү хүсэж байна вэ гэдэг л чухал. Өдөр бүрийн жижигхэн үйлдлүүд гэр бүлийг аварч бүтэн болгодог. Өдөр бүр харилцаагаа сэргээхийг хүсэх чин хүсэл байгаа эсэх нь ч бас чухал. Тиймээс үүнд хувь хүний хариуцлагатай, тууштай, зарчимч байдал ч чухал үүрэгтэй байдаг. Ажилдаа явахаасаа өмнө тэврэх. Өдөр "Хоолоо идсэн үү?" гэж асуух. Орой гэртээ ирээд гар утсаа хэсэг тавиад хамтдаа ярилцах. "Баярлалаа." "Уучлаарай." "Чамаараа бахархаж байна." Эдгээр үгсийг хэлэхээ болих үед гэр бүлийн халуун дулаан байдал аажмаар хөрж эхэлдэг. Хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн үг сургаалаар биш, хоорондоо хэрхэн харилцаж байгаагаас л харж, хүмүүжиж гэр бүлийг тэгж зураглаж өсдөг. Тиймээс хамгийн том өв хөрөнгө нь эд хөрөнгө биш. Харин хайр, хүндлэл, халамж, аюулгүй, эерэг мэдрэмжээр дүүрэн гэр орон юм. Жаргалтай гэр бүл гэдэг асуудалгүй гэр бүл биш. Харин асуудал гарсан ч нэг нэгнийхээ эсрэг биш, нэг талд нь зогсож чаддаг гэр бүл юм. Гэр бүл бол өдөр бүрийн усалгаа арчилгаагаар сэргэдэг анхаарал ихтэй зүйл учраас хайхрамжгүй өнгөрөөсөн хором бүрээс их зүйл алдагдсан байдаг.