Хүн өөрийгөө зөвхөн ухамсарт бодлоороо удирддаг мэт санагддаг. Би юу хэлэхээ мэднэ, ямар харагдахаа сонгож чадна, сул талаа нууж болно, хүсвэл өөртөө итгэлтэй дүр бүтээж чадна гэж бодно. Гэвч хүний оршихуйн хамгийн их мэдээлэл үгээр дамждаггүй. Далд ухамсар нь бие, харц, аура, дууны өнгө, хөдөлгөөний хэмнэл, хариу үйлдлийн өчүүхэн өөрчлөлтөөр өөрийгөө байнга илэрхийлж байдаг. Хүн өөрөө ч анзаараагүй байхад нөгөө хүний далд ухамсар тэр мэдээллийг аль хэдийн хүлээж авсан байдаг. Энэ л хүний хамгийн эртний, хамгийн сонирхолтой чанаруудын нэг. Бид өнөөдөр соёлтой, боловсролтой, үгээр харилцдаг болсон ч тархины маань гүнд амьд үлдэхтэй холбоотой эртний тогтолцоонууд хэвээрээ ажилласаар байдаг. Хэн аюултай вэ, хэн тогтвортой вэ, хэний үг биеийнх нь дохиотой нийцэж байна, хэн өөрөөсөө ямар нэг зүйл нууж байна гэдгийг тархи маш хурдан ялгах гэж оролддог. Тиймээс зарим хүнтэй анх уулзаад л “энэ хүн нэг л өөр” гэсэн мэдрэмж төрдөг. Бид яг юуг анзаарснаа тайлбарлаж чаддаггүй. Гэхдээ харцны тогтворгүй байдал, үгийн сонголт, нүүрний жижиг хөдөлгөөн, хоолойн өнгө, биеэ барьж байгаа байдал зэрэг олон жижиг мэдээлэл тархинд аль хэдийн нийлчихсэн байдаг. Ухамсар тайлбарлаж амжаагүй байхад далд боловсруулалт эхэлсэн байдаг. Ингээд л зөн совин шиг мэдрэмж төрнө. Хүнийг яг араатан шиг гэдэг санаа эндээс гарч ирдэг. Араатан аюулыг философиор бодож танихгүй. Биеэрээ танина. Хөдөлгөөний хэмнэл, аура, байрлал, дуу чимээ, орчны өөрчлөлтөөс мэдээлэл авна. Хүн ч үүнээс бүрэн салчихсан амьтан биш. Бидний оюун ухаан хөгжсөн ч биологийн уг чанар алга болоогүй. Харин хүний хувьд энэ мэдрэх чадвар илүү нарийн түвшинд очсон. Гаднаа маш хүчтэй харагддаг хүн дотроо өөртөө итгэлгүй байж болно. Өндөр дуугаар ярьж болно. Биеэ сүртэй авч явж болно. Маш үнэтэй зүйл хэрэглэж, өөрийгөө амжилттай харагдуулж болно. Гэхдээ далд ухамсарт нь “би хангалтгүй”, “намайг голох вий”, “би өөрийгөө батлах ёстой” гэсэн суурь итгэл суусан бол тэр нь зан авирын жижиг хэсгүүдээр урсаж гардаг. Тэр магадгүй хэт их тайлбарлана. Хэт их батална. Хэт их өөрийгөө харуулна. Шүүмжлэлд хэт хурдан хамгаалалт авна. Бусдын амжилтыг тайван хүлээж авч чадахгүй. Өөрийн байр суурийг алдах вий гэсэн айдастайгаар хүн бүрийн өмнө хүчээ нотлохыг оролдоно. Эндээс жинхэнэ хүч ба хүчтэй харагдах хүсэл хоёрын ялгаа гарч ирдэг. Далд ухамсартаа өөрийгөө аюулгүй, үнэ цэнтэй гэж мэдэрдэг хүн бусдад үүнийг байнга батлах шаардлагагүй байдаг. Түүний тайван байдал өөрөө мэдээлэл болдог. Хариулахын өмнө яарахгүй. Бусдын бодлыг сонсоод өөрийн үнэ цэнэ нь нурчихгүй. Хэн нэгэн түүнээс илүү байлаа гээд өөрийгөө багаар мэдрэхгүй.