Мэдрэмж гэдэг ямар том зүйл байдгийг би өмнө нь их л энгийнээр ойлгодог байжээ. Үгийг нь мэддэг ч утгыг нь үнэхээр ойлгож амжаагүй явсан юм шиг санагдлаа. Миний сул талыг хүмүүс ямар их буруу ашиглаж байсныг ойлгосон. Тэр дундаа гэр бүлийн харилцаа гэдэг зөвхөн тархиараа бодож, логикоор шийдчих асуудал биш юм байна гэдгийг маш сайн ухаарлаа. Мөн итгэл гэдэг нэгэнт алдагдсан бол эргээд яг өмнөх шигээ болдоггүй зүйл гэдгийг ч ойлгож авсан. Хамгийн анх чи яагаад гомдож, өөрийгөө хаасан тухайгаа ярьж байхад би тэр бүр гүнзгий ойлгож чаддаггүй байсан. Харин одоо эргээд бодоход "үхнэ" гэдэг ганцхан үгээр намайг айлгаж, миний мэдрэмжийг хаасан тэр үйлдэл тухайн үедээ өөрт нь энгийн санагдсан байж болох ч, надад маш хүнд, таагүй мэдрэмж үлдээсэн байжээ гэдгийг ойлгосон. Амьдралд анхны бүхэн хуучирдаг. Харин хуучирсан зүйлээ зүгээр л тэвчээд өнгөрөөх биш, ярилцаж, ойлголцож, шинэчилж, хамтдаа дахин бүтээж болдог юм байна. Тиймээс тэвчих биш, ярилцаж шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт байдгийг ойлгож авлаа. 📣Ухамсартайгаар ухаарах гэдэг ямар их хүчтэй зүйл болохыг өдөр бүр мэдэрч явна. 🫶 Сэтгэгдэл бичиж өгсөнд талархлаа.